VIDEO
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хэд хэдэн хотод монгол малчин Мэргэний амь насыг бүрэлгэсэн хэргийг шудрага шүүхийг шаардсан жагсаал цуглаан үргэлжилж байна. 5 сарын 30-нд Өвөр Монголын нийслэл Хөх хотод монголчууд жагсаал хийжээ. Энэ үед хятадын цэрэг цагдаагийнхан тэдний эсрэг хүч хэрэглэсэн байна. Хөх хотыг хятадын ардын чөлөөлөх армийнхан бүсэлжээ. Тэд Хөх хотын их дээд сургуулийн ойр орчимд илүү анхаарал хандуулжээ. Жагсаал цуглааны хамгийн том хүч нь оюутнууд болж байгаа тул хятадын эрх баригчид тэднийг хараа хяналтандаа байлгахыг чухалчилж байна. Өвөр Монголын өөртөө засах оронд болсон үйл явдлыг цаг хугацааны дараалалаар нь сийрүүлье.
4-р сарын 26. Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн Гол аймгийн Баруун Үзэмчин хошууны Хоолт сумын хэсэг малчид хятадын нүүрсний уурхайн тракторын замын хаажээ. Учир нь нүүрс олборлож байгаа хятадын уул уурхайн компани хатуу хучилттай зам, төмөр зам бариагүй. Энэ нь нутгийн байгаль орчинд муугаар нөлөөлж, билчээрийг талхалж байна гэж гомдол мэдүүлсэн юм. Нутгийн засаг захиргааныхан эсэргүүцлийн ажиллагаагаа зогсоо гэж малчидыг ятгажээ. Уул уурхайн компаниар 7 хоногийн дотор хатуу хучилттай зам бариулна гэж нутгийн засаг захиргаа малчдад мэдэгдсэн байна.
5-р сарын 10. Орон нутгийн засаг захиргааныхан, уурхай эзэмшигч компаний аль алин нь амлалтаа биелүүлээгүй тул Мэргэн тэргүүтэй малчид ачааны машины хөдөлгөөнд дахин саад хийжээ. Үдэш болоход хүнд даацын ачааны машины нэг хятад жолооч малчин Мэргэнийг дайрч, хэдэн метр газар чирсэн байна. Малчин Мэргэн амь насаа алджээ.
5 сарын 23. Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошууны төвд хэсэг малчид цугларч нүүрсний уурхайн хятад жолоочийг баривчлан шүүхээр шийтгэхийг шаардсан байна. Хятад цагдаа нар малчидын хүчээр тараажээ. Цагдаа нар дөрвөн хүнийг баривчилсан байна. гэвч тэдний хувь заяаны талаар ямар ч мэдээлэл алга байна.
5 сарын 25. Шилийн гол аймгийн төв Шилийн гол хотод ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид гудамжинд цуглаан зохион байгуулж малчин Мэргэний амийг бүрэлгэсэн этгээдэд ял оноохыг шаардаж жагсаал хийжээ. Хүний эрхийн хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Amnesty International байгууллагын мэдээлснээр энэ цуглаанд 2000 хүн оролцсон байна. Сургуулийн багш нар сурагчдыг сургуулиас гаргахгүй байхыг хичээсэн боловч амжилтанд хүрээгүй байна. Хэрвээ энэ цуглаанд сурагчдаа оролцуулсан багшийг ажлаас халах болно сургуулийн захиргаа мэдэгдсэн байна.
5 сарын 26. Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин, Хуботу шар хошуунд мянга орчим монгол оюутан жагсаалд оролцжээ. Жагсаал болсон гудамжийг хятадын цэрэг цагдаагийнхан бүсэлсэн байна.
5 сарын 27 . Шилийн гол аймгийн Шулуун Хөх хошуунд хятадуудын эсрэг цуглаан болжээ. Энэ цуглаанд оролцсон, гол зохион байгуулсан 40 хүнийг хятадын цагдаагийнхан баривчилсан байна. Шулуун Хөх хошуунд цэрэг оруулж, хөл хорио тогтоожээ. Өвөр Монголын зүүн өмнөд хэсгийн Тунляо хотод Өвөр Монголын их сургуулийн салбарын үйл ажиллагааг түр зогсоожээ. Оюутнуудыг сургуулийн хотхоноос гаргаагүй байна.
5 сарын 29. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод орон нутгийн цагаар 12 цагт БНХАУ-ын элчин сайдын яамны гадаа 200 хүн оролцсон жагсаал болжээ. Монгол Улсын иргэд өвөр монголын ахан дүүстэйгээ үзэл санаа нэг байгаагаа илэрхийлсэн байна. Монголын ногоонтны хөдөлгөөний төлөөлөгч Бум-Ялагч, Өвөр монголын эрх чөлөө намын Улаанбаатар дахь салбарын дарга нар үг хэлжээ. Улаанбаатар дахь Хятадын элчин сайдын яамны гадаа зогсож байгаа Жагсагчид “ХХххХх h ятадын коммунистууд өвөр монголын колоничлохоо зогсоо”, “Өмнөд Монголд эрх чөлөө олго, “Монголчуудаа нэгдэцгээе”, “Өмнөд Монголын ах дүүсээ дэмжиж байна” гэсэн уриа лоозон барьжээ.
5 сарын 30-нд Өвөр Монголын Хөх хотод Хятадын ардын чөлөөлөх армийн 300 мянган цэрэг оруулж хотод комендантын цаг тогтоожээ.