2009-07-31


2009-07-28

Хаягдсан хот Припять

Украин, Белоруссийн нутгаар урсан өнгөрдөг Припять гэдэг гол бий. Энэ гол бол Днепра мөрний баруун салаа нь юм. Энэ гол нийт 775 км урт. Украин улсын баруун хойд хэсгээс эх авсан энэ голоос холгүй газар1970 оноос их бүтээн байгуулалт эхэлжээ. ЗХУ-ын эрх баригчид Украиний Припять голын эрэг дээр Чернобыль гэдэг газар Европын хамгийн том атомын цахилгаан станц байгуулах болов. АЦС-ын албан хаагчидын амьдрах хоты байгуулах болжээ. Припять хотын шавыг 1970 оны 2 сарын 4-нд тавьжээ. ЗХУ улс даяар Припять бол атомын эрчим хүчнийхэний хот гэж нэрлэгдэж, зөвлөлтийн хүмүүсийн бахархал болох ёстой байлаа. Гэхдээ үүнээс өмнө ЗХУ-д атомын цахилгаан станцийг түшиглэсэн 8 хот байжээ. Припять 9 дэхь хот нь байлаа. 1986 оны 4 сарын 26-нд Чернобылийн АЦС-д дэлбэрсэний дараа хотын бүх оршин суугчдийг нүүлгэсэн юм. Хотын оршин суугчдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэхээс өмнө 1985 оны 11 сард явуулсан хүн амын бүртгэл тооллогоор 47 мянга 500 хүн байжээ. Нийт 25 үндэстэн байлаа. Энэ хотын хүн амын тоо жилд 1500-аар хүнээр нэмэгдэж байлаа. Припять хотод жилд 800 хүүхэд шинээр төрж, 500-600 хүн өөр газраас шилжин ирж байлаа. Припять хотын хүн амын тоо 75-78 мянга байна гэж анхнаасаа төлөвлөсөн байжээ. Припять хот нь газар зүйн тогтоцын хувьд тээврийн хэрэгсэлийн гол зангилаа болж байлаа. Төмөр замын буудал, авто зам, бас усан онгоцоор тээвэр хийх бололцоотой байв. Припять хотын бүтэц зохион байгуулалт нь маш сайн хийгджээ. Хотын төв хэсэгт нь захиргааны барилга, хотын зөвлөл, соёлын ордон, амралтын төв, их дэлгүүр, зочид буудлын цогцолбор байлаа. Припять хотын төлөвлөлтийг Москвагийн архитектурын газрынхан боловсруулахдаа “гурвалжин” зарчимыг сонгосон байна. Ер нь Припять хотын барихад ашигласан зарчимыг ЗХУ-ын атомын цахилгаан станцтай бусад хотод я ашиглаж байжээ. Украины Припять хотын зарим нэг дүүрэг нь Курчатова, Семипалатинска, Волгодонск зэрэг хоттой зуун хувь адилхан. “Гурвалжин” зарчимаар хот төлөвлөхийн гол онцлог нь барилгуудын хооронд их өргөн уудам чөлөөтэй орон зай үлдээдэг. Гудамж, өргөн чөлөө нь ч тэгш өнцөг үүсгэсэн байдаг. Ингэснээр зам түгжирнэ гэсэн ойлголт байх ёсгүй юм. Чернобылийн АЦС-ын сүйрлийн дараа энэ хот хаягдсан юм.

Чернобылийн сүйрэл


Жил бүрийн 4 сарын 26-нд цацраг идэвхт бодист хордож, сүйрэлд өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэдэг. ТУХН-ийн гишүүн орнуудын санаачилгаар НҮБ-ын шийдвэрээр энэ өдрийг тэмдэглэх болжээ. 4 сарын 26 ний өдрийг яагаад сонгосон нь цаанаа учиртай. Энэ өдөр Украины Чернобылийн атомын цахилгаан станц /АЦС/ дэлбэрсэн юм. Чернобылийн АЦС нь 1977 оны 9 сарын 27-нд ашиглалтанд оржээ. Тус цахилгаан станц анх 1 сая квт хүчин чадалтай байлаа. 1978 оны 12 сарын 22-нд тус АЦС-ын хоёр дахь блок, 1981 оны 12 сард гурав дахь блок, харин 1983 оны 12 сард дөрөв дэхь блок нь ашиглалтанд орсон байна. Украинд нийтдээ 75,3 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж байсны 4,7 тэрбум кВт/цаг эрчим хүчийг нь Чернобылийн АЦС гаргаж байлаа. 1986 оны 4 сарын 26-ний шөнө 1 цаг 23 минутад Чернобылийн АЦС-ийн 4-р блокт дэлхийн түүхэнд гарсан хамгийн том цөмийн аваар гарсан юм. Уг шөнө АЦС-т нэмэлт эрчим хүч гаргаж авах туршилт хийж байжээ. АЦС-т дэлбэрэлт болох үед агаарт 190 тонн цацраг идэвхит бодис алдагдсан байна. Цөмийн хөдөлгүүрт байсан 140 тонн цацраг идэвхит түлшний 8 тонн нь гадаад орчинд тархсаныг хожим тогтоосон юм. АЦС-д дэлбэрэлт болсоноос хойш 14 хоногийн турш түймэр дэгджээ. Энэ үеэр ч өөр хорт бодис агаарт цацагдсаар байсан юм. Чернбылийн орчимд байсан хүмүүс Хиросимо хотод дэлбэрсэн атомын бөмбөгнөөс 90 дахин их цацрагийн хордлогод орсон байна. Дэлбэрэлтийн үеэр 30 км-ын эргэн тойрон газар цацраг идэвхит бодист хордсон байна. нийт 160 мянган квадрат км талбай химийн бодист хорджээ. Украин улсын хойд хэсэг, Беларусь, Оросын баруун хэсэг цацрагт хорджээ. Нийт хордсон 60 мянган квадрат км газар нутаг дээр 2,6 сая хүн амьдарч байлаа.АЦС дэлбэрсэний дараа 4 сарын 27-ний өдрийн 14 цагт Украины Припять хотын бүх оршин суугчдийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн байна. 3 цагийн дотор Припять хотоос 45 мянган хүнийг гаргажээ. Хотын оршин суугчдийг нүүлгэн шилжүүлэхдээ гэрээсээ ямар ч ачаа тээш авч болохгүй гэж сануулаад, хүмүүсийг 3 өдрийн дараа гэрт нь буцаана гэжээ. Гэрийн тэжээмэл амьтадаа ч үлдээхийг тушаажээ. Хожим хотод байсан бүх гэрийн тэмжээмэл амьтадыг буудаж устгажээ. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүлдээр АЦС-ын сүйрлийн дараах хохиролыг ярьж байхад, харин ЗХУ-ын Киев, Белорусийн бусад хотуудад 5 сарын 1-ний МАЙН баярын өргөн зугаалага болж байлаа. Оршин суугчдийн дунд цочирол үүсгэхгүйн тулд баярыг өргөн зугаалгийг урьдийн адил хийжээ. Сүйрлийн дараах өдрүүдэд АЦС-аас 10 км-ын зайтай орших суурин газруудын оршин суугчдийг нүүлгэсэн байна. 5 сарын 2-нд АЦС-аас 30-кмын алсад байдаг суурин газруудын иргэдийг нүүлгэх шийдвэр гаргасан байна. 1986 оны сүүлээр Чернобылийн атомын цахилгаан станцийн ойр орчимийн 188 суурин газрын 116 мянган хүнийг нүүлгэсэн гэсэн албан ёсны баримт байдаг. Чернобылийн атомын цахилгаан станцийн сүйрлийн дараа хохирол арилгах ажилд 600 мянган хүн оролцсон байна. Чернобылийн АЦС дэлбэрсэн тухай Зөвлөлтийн эрх баригчид чандлан нууцалж байлаа. Сүйрлээс хойш 3 өдрийн дараа буюу 1986 оны 4 сарын 30-нд Шведийн Форсмарк АЦС-ын албан хаагчид маш хүчтэй цацрагийн туяаг бүртгэж авсан байна. Энэ цацраг тэдний АЦС-аас бус, харин зүүн зүгээс ирсэн үүлэнд байлаа. Үүл хаан цацраг идэвхт бодистой болсон байх вэ гэдэг асуулт гарч ирэв. Үүний дараа ЗХУ Чернобылийн АЦС-д том хэмжээний осол гарсан гэж хүлээн зөвшөөрсөн байна. Чернобылийн АЦС –д гал гарсаны дараа нисдэг тэргээр цемент, буталсан свинц, цацаж байлаа. Скандинавын орнуудад Чернобылийн АЦС-ын дэлбэрэлтийн дараа цацрагаас хамгаалах арга хэмжээ авч эхэлсэн байна. Скандинавын орнуудад 40 мянган толгой гэрийн тэжээмэл амьтанг устгаж, Герман улсад мянган тонн сүүг цацрагт хордсон гэж үзээд асгажээ. Чернобылийн АЦС-ын дэлбэрэлтийн дараа хорт хавдартай хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Аваарын тухай албан смны анхны мэдээлэл ЗХУ-ын телевизээр 4 сарын 28-нд дамжуулагджээ. Чернобылд гал гарч 2 хүн нас барсан гэж мэдээлсэн байна. харин гамшигийн тухай жинхэнэ үнэн мэдээллийг дамжуулаагүй байна. 1987 оны 7 сарын 7-нд Чернобылийн АЦС-ын сүйрэлд хариуцлага тооцох шүүх хурал болж өндөр албан тушаалын 6 хүнийг хариуцлагад татжээ. 7 сарын 29-нд энэ зургаан хүний 3 нь ял сонссон байна. АЦС-ын дарга Виктор Брюханов, ерөнхий инженер Николай Фомин, ерөнхий инженерийн орлогч Анатолий Дятлов нар 10 жилийн ял сонсов. Анатолий Дятлов цацрагийн өвчин туссан байжээ. Иймээс түүнийг хугацаанаас нь өмнө суллажээ. Хожим Дятлов “Чернбыль. Тэнд юу болсон бэ?” гэдэг дурсамж ном бичжээ. Тэр энэ номондоо болж өнгөрсөн үйл явдлын талаар өөрийн хувилбараа бичсэн байна. Анатолий Дятлов 1995 онд нас баржээ. Виктор Брюханов шоронд 5 жил хоригдоод 1991 онд суллагджээ. Тэр шоронд хоригдож байхдаа жиуиг уурын зуухны слесарь хийсэн байна. Тэр Чернобылийн АЦС-ын гамшигийн хөнөөлийг арилгах ажилд оролцож байхдаа 250 рентген авчээ. Харин АЦС-ын ажилтан жилд 5 рентген хордлого авдаг гэсэн судалгаа байдаг. 1986 оны 11 сарын 30-нд дэлбэрсэн 4-р блокийн дээгүүр битүү саравч барих ажил эхэлжээ. Албан ёсны баримт бичигт энэ төслийг “Нуувч” гэж нэрлэсэн байна. харин дэлхий даяараа энэ төслийг “Саркофаг” гэжээ. Саркофаг доор 180 тонн бага баяжуулсан уран-235, 70 мянган тонн цацраг идэвхит металл, бетон хавтангууд, 35 тонн нийт 2 сая кюри цацраг идэвхит тоосонцор байгаа. 2016 онд “Саркофаг”-ийн ашиглалтын хугацаа дуусна. Гэвч 4-р блокийн дээгүүр барьсан саркофаг нь эвдэрсээр байгаа. Хэрвээ саркофаг нурвал дахин цацраг идэвхит бодис гадагш алдагдах эрсдэлтэй юм. 2004 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банк Чернобылийн АЦС-ын дээгүүр барих шинэ саркоцагны тендер зарлаж, төслийг санхүүжүүлнэ гэж мэдэгдсэн байна. 2007 онд Францын NOVARKA компани тендерт шалгарчээ. 1993 оны намар АЦС-ын 2-р блокийг, 1996 оны 12 сарын 1-нд 1-р блокийн хөдөлгүүрийг зогсоожээ. 2000 оны 12 сарын 6-нд АЦС-ын 3 дахь блокийн хөдөлгүүр эвдэрч зогссон байна.

2009-07-27

Оюуны өмчийн өдөр

Олон улсын оюуны өмчийн байгуулагын ерөнхий ассамблей 2000 оны 9 сард болсон хуралдаанаараа жил бүрийн 4 сарын 26-ний өдрийг Дэлхийн оюуны өмчийн өдөр гэж зарласан байна. 1970 оны 4 сарын 26-нд Оюуны өмчийн тухай конвенц хүчин төгөлдөр болжээ. Олон улсын оюуны өмчийн байгуулага нь НҮБ-ын харъяалалд багтдаг. Тус байгуулага нь оюуны өмчийг хамгаалах, түүнийг зохион бүтээсэн хүний хөдөлмөрийг зохих ёсоор үнэлэх, нийгмийн эрх ашгийг сахин мөрдүүлэхийг гол зорилгоо болгожээ. Оюуны хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх нь хүний үндсэн эрхийн нэг юм. Оюуны бүтээл туурвисан хүн зохиогчийн бүрэн эрхтэй байх ёстой. Гэхдээ оюуны бүтээлийн зарим объект, жишээ нь ноу-хау нь оюун онцгой эрхэд хамаардаггүй. Оюуны өмчийн объектуудыг аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрх гэсэн 2 хэсэгт хуваадаг. Аж үйлдвэрийэн өмч нь оюуны өмчийн нэг хэсэг байж шууд техник шинжлэх ухааны нээлтэнд хамаардаг. Аж үйлдвэрийн өмчийн хамгийн түгээмэл хэлбэр нь, янз бүрийн ашигтай загварууд, аж үйлдвэрийн зохион бүтээсэн механизм орж болно. Мөн бараа бүтээгдхүүний таних тэмдэг, үйлчилгээний тэмдэг, фирмийн нэршил, тухайн бүтээгдхүүний гарал үүслийн газрын нэг багтна оюуны өмчийн өөр нэг категори нь зохиогчийн эрх юм. Үүнд урлагийн бүтээл: уран зохиолын, хөгжмийн бүтээл, кино, эрдэм шинжилгээний ажил, компьютерийн программ багтдаг. Олон улсын оюуны өмчийн байгуулагад элссэн орнууд жил бүр Оюуны өмчийн өдрийг тэмдэглэдэг. Хүмүүст оюуны өмчийн тухай ойлголт өгөх зорилготой.

2009-07-23

Агаарт мөргөлдсөн онгоцнууд


Нислэг хийж байгаа онгоцны хөдөлгөөнийг зохицуулдаг диспетчерын алба байдаг ч онгоц хоорондоо мөргөлдөх тохиолдол олон удаа гарч байлаа. Онгоц газардах, хөөрөх үедээ нисэгчдийн алдаанаас болж хоорондоо мөргөлддөг бол заримдаа диспетчерийн буруу зааварчилгаа осолд хүргэдэг.Сүүлийн 10 жилд онгоц мөргөлдсөн баримтууд
2000 оны 10 сарын 23. Аргентин улсад бага оворын хоёр онгоц мөргөлдөж 11 хүн нас баржээ. Сүйрэл тус улсын нийслэлээс хойд зүгт 230-кмын алсад Часкобуско гэдэг газар болжээ.
2000 оны 11 сарын 17-нд Америкийн Флорида мужийн Сарасота хотын орчимд Ф-16 байлдааны бөмбөгдөгч онгоц хувийн онгоцтой мөргөлдөж 2 хүн үрэгдсэн байна.
2001 оны 5 сарын 19-нд Японы Миэ аймгийн Кувана хотын дээро нисдэг тэрэг, бага оворын онгоцтой мөргөлдөж 5 хүн нас баржээ. Онгоцны хэлтэрхий байшингийн дээр унасан байна. Машин дотороо сууж байсан нэг жолооч онгоцны хэлтэрхий дээр нь унах үед амиа алджээ.
2002 оны 3 сарын 28-нд Эквадор улсын Ла Мана хотод цаг агаарын нөхцөл му байх үед бага оворын хоёр онгоц мөргөлдөжээ.
2002 оны 2 сарын 1-нд Австралийн иргэний агаарын тээврийн Контас компаний хоёр онгоц Номхон далайн дээгүүр нисэж яваад мөргөлдөх шахжээ. Хоёр онгоцоор нийтдээ 400 хүн зорчиж явжээ. БОИНГ 747 онгоц нь Лос Анжелос хотоос Окленд руу, харин хоёр дахь онгоц нь Окелендээс Лос Анжелос руу нисэж байлаа. Аль алин нь 10 мянган метрийн өндөрт нисэж явжээ. Онгоц өөд өөдөөсөө нисэж, ойртох үед дохиололын систем ажиллажээ. Үүний ачаар хоёр онгоцны нисэгчид амжиж өндөрөө өөрчилсөн байна. Эхний онгоц нь 500 метрээр огцом доошилжээ. Харин хоёр дахь онгоц 500 метрээр өндөрөө дээшлүүлжээ. Диспетчерийн буруугаас онгоц мөргөлдөх шахжээ.
2002 оны 5 сарын 5-нд Австралийн нийслэл Сидней хотод бага оворын хоёр онгоц мөргөлдөж 4 хүн үрэгдсэн байна. Хоёр онгоцны далавч нь шүргэлцэн газар унажээ.
2002 оны 7 сарын 2-нд Германы Боден нуурын ойролцоо 12 мянган метрийн өндөрт ОХУ-ын Башкирийн агаарын тээвэр компаний ТУ-154 онгоц олон улсын ачаа тээврийн DHL компаний Боинг 757 онгоцтой мөргөлдсөн байна. Оросын ТУ154 онгоцны бүхээгт нисэх багийн 12 гишүүн, 57 зорчигч байжээ. Зорчигчдын ихэнхи нь зуны амралтаа Германд өнгөрүүлэх зорилготой Башкирийн гоц ухаантай хүүхдүүдийн сургуулийн сурагчид байлаа. Харин ачааны Боинг онгоцны бүхээгт хоёр нисэгч байжээ. Ослын үеэр бүх хүмүүс үрэгджээ.
2002 оны 9 сарын 27-нд Германы агаарын орон зайд засаг захиргааны Рейнланд-Пфальц аймгийн Людвигсхафен хотын дээгүүр нисэж явсан хоёр онгоц мөргөлдөв. Эхний онгоц нь бүрэн сүйрч хоёр хүн нас барсан бол, харин нөгөө онгоц нь ослын буулт хийж чадсан байна.
2002 оны 11 сарын 12-нд Одесс хотоос 50-кмын алсад Одесс-Ширяевог холбосон авто машины замын харалдаа 3000 метрийн өндөр Як-40, Е-145 загварын хоёр онгоц ойрхон зайтай зөрсөн байна. Украинны нисэгч диспетчерийн өгсөн үүргийг биелүүлэхгүй, дураараа өндөрөө бууруулсанаас осол гарах дөхжээ. Харин агаарын орон зайг хянаж байсан диспетчер шуурхай мэдээлснээр онгоц мөргөлдөхөөс сэргийлсэн байна. Украины ЯК-40 онгоц Киев-Одесс хотын чиглэлд, харин Польшийн Е-145 онгоц Одесс-Варшавын чиглэлд нисэж байжээ. Энэ хоёр онгоцонд нийт 36 хүн байлаа.
2003 оны 1 сарын 24-нд АНУ-ын Колорада мужийн Денвер хотын дээгүүр нисэж байсан "Пайпер Чайенн", "Сессна" онгоц мөргөлджээ. Онгоцны хэлтэрхий байшингийн дээр унаж гал түймэр дэгджээ. Энэ ослын үеэр 3 хүн үрэгдэж, 6 хүн шархадсан байна.
2003 оны 8 сарын 23-нд Германы Дунай Рис гэдэг газрын орчим "Чессна-182" загварын хөнгөн онгоц жижиг онгоцтой мөргөлдсөн байна. “Чесна-182” онгоцоор дөрвөн шүхэрчин байжээ. Онгоц мөргөлдсөнөөр агаарт байсан бүх хүмүүс үрэгдсэн байна.
2003 оны 11 сарын 5-нд Японы Наха хотын дээгүүр АНУ-ын агаарын нисэх хүчний хоёр сөнөөгч онгоц газардахаар доошилж байсан Японий иргэний агаарын тээврийн онгоцтой мөргөлдөх дөхжээ. Сургуулилтын нислэг хийж байсан америкийн F15С2 загварын сөнөөгч онгоц чиглэлээсээ хазайсан нь сүйрэл гаргахад дөхсөн байна. Японы иргэний агаарын тээврийн онгоцоор 509 зорчигч нисэж явжээ. Окинава арлын засаг захиргааны төв Наха хотод газардах гэж байсан иргэний агаарын тээврийн онгоцтой 100 метрийн зайтай байлдааны сөнөөгч онгоц зэрэгцэн ирсэн байна. Японы онгоцны ахмад агаарт мөргөлдөж болзошгүй гэсэн дохиолол ажилуулжээ. Үүний дараа америкийн сөнөөгч онгоцнууд өөрсдийн аэродром руу буцжээ.
2004 оны 2 сарын 18-нд Швейцарийн иргэний агаарын тээврийн "Свисс Эйрайл" компаний онгоц Голландын КLM компаний онгоцтой мөргөлдөх шахжээ. Нью-Йоркоос Цюрих хот руу нислэг үйлдэж байсан онгоц Францын агаарын орон зайд явж байх үед агаарбн хөлөгтэй мөргөлдөж болзошгүй гэсэн түгшүүрийн дохиолол ажилласан байна. Нисэх багийнхан чиглэлээ өөрчилж KLM-ын онгоцтой мөргөлдөхөөс зайлсхийж чаджээ.
2005 оны 10 сарын 14-нд АНУ-ын Огайо мужид хөнгөн мотортой хоёр онгцо мөргөлджээ. 4 хүн үрэгдсэн байна.
2006 оны 4 сарын 4-нд Грекийн иргэний агаарын тээврийн онгоц цэргийн онгоцтой мөргөдөх шахжээ. Афин хотоос Салоники хотоор дамжин Дюссельдорф орох онгоцоор 181 хүн нисэж байлаа. Агаарт гэнэт гарч ирсэн онгоцтой мөргөлдөхөөс сэргийлж Боинг онгоцны багийнхан огцом эргэлт хийжээ. Энэ үеэр онгоцны нэг хөлгийн үйлчлэгч бэртсэн бол нэг зорчигч гүн цочролд орж, эмнэлэгийн тусламж авсан байна.
2006 оны 9 сарын 29-нд Манаус – Бразилиа – Рио-де-Жанейро чиглэлд нисэж байсан”ГОЛ” компаний Боинг-737-800 онгоц VIP- ангилалын жижиг онгоцтой мөргөлджээ. Хоёр онгоц мөргөлдсөний дараа жижиг оворын онгоц ослын буулт хийсэн бол харин БОИНГ онгоц өндөрөө алдсаар эцэстээ сүйрсэн байна. Боинг-737-800 бүхээгт нисэх багийн 6 гишүүн, 149 зорчигч байжээ. Онгоцонд байсан бүх хүмүүс үхсэн байна. Нислэгийн горим зөрчсөн жижиг оврын онгоцны нисэгчийн буруугаас энэ осол гарсан байна.
2007 оны 1 сарын 25-нд Оросын Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд Туркийн агаарын тээврийн компаний экипажийн буруугаас болж Францын "Эйр Франс" компаний онгоцтой мөргөлдөх шахжээ. Туркийн онгоц диспетчерийн зааварыг биелүүлээгүйн улмаас өөдөөс нь ирж байгаа Францын онгоцтой нэг өндөрт гарсан байна. үүнийг анзаарсан диспетчер Туркийн онгоцыг өндрөө хасаж 3000 метрт гарахыг шаарджээ. Гэвч Турк нисэгч онгоцоо 3260 метрийн өндөрт нисгэж байлаа. Диспетчерын олон удаагийн шаардлагаар Туркийн нисэгч онгоцоо 3000 метрийн өндөрт оруулжээ.
2007 оны 2 сарын 8-нд "Эль-Аль" компаний онгоц Испаний "Иберия" компаний онгоцтой Израилийн Бен Гурион нисэх буудалд газардах үедээ мөргөлдөх шахжээ. Хоёр онгоц өөр өөр зүгээс нисэж ирсэн боловч газардсан хойноо өөр хоорондоо хэт ойртжээ. Онгоцнууд өөр хоорондоо 2 метрийн зайтай тулж ирээд байжээ.
2007 оны 2 сарын 20-нд швейцарийн агаарын орон зайд Алжирын цэргийн онгоц Казахстаны иргэний агаарын тээврийн онгоцтой мөргөлдөх шахжээ. Хоёр онгоц өөр хоорондоо 740 метрийн зайтай зөрч өнгөрсөн байна.
2007 оны 4 сарын 13-нд Израильд Туркийн TTH компаний чартерийн онгоц Оросын АЭРОФЛОТ-ын онгоцтой мөргөлдөх дөхжээ. Хоёр онгоц өөд өөдөөсөө асар хурдтайгаар нисэж байгааг анзаарсан диспетчер оросын онгоцыг зүүн тийш огцом эргэлийг зааварчилсан байна. ингэснээр осол гарахаас сэргийлжээ.
2007 оны 5 сарын 8-нд Аргентины нийслэл хотын дээгүүр нисэж байсан америкийн "Юнайтед Эйрлайнз" компаний онгоц Аргентины "Андз" компаний онгоцтой ойрхон зөрж өнгөрсөн байна.
2008 оны 3 сарын 6-нд АНУ-ын Пенсильвани мужид бүхээгтээ нийтдээ 120 зорчигчтой хоёр онгоц мөргөлдөх шахжээ. Диспетчерийн ачаар хоёр онгоц мөргөлдөх аюулаас гарсан байна. хоёр онгоц 120 метрийн зайтай зөржээ.
2008 оны 8 сарын 18-нд Британий Ковентри нисэх буудлын орчим д бага оворын хоёр онгоц мөргөлдөж 5 хүн үрэгдсэн байна.
2008 оны 8 сарын 30-нд Оросын Трансаэро компаний Боинг 3737 онгоц, Америкийн "Дельта Эйр Лайнз"-ын онгоцтой Карибын тэнгисийн дээгүүр нисэж байхдаа мөргөлдөх дөхжээ. Пуэрто-Рико улсын нийслэлээс хой дүгт 300 км-ын алсад гэнэтийн нөхцөл байдаг үүссэн байна. 10 мянган метрийн өндөрт хоёр онгоцны чиглэл нь давхацсан нь тодорхой болжээ. Оросын онгоц 100 метрээр өндөрөө хасаж сүйрэл гарахаас зайлсхийжээ.
2009 оны 2 сарын 11-нд Британи улсад хөнгөн мотортой хоёр онгоц сүйрч 2 хүн нас баржээ.
2009 оны 4 сарын 24-нд Москва хотын орчимд Москва-Самара чиглэлийн ТУ-154 онгоц Владивосток руу нисэж байсан Боинг онгоцтой мөргөлдөх дөхжээ. Хоёр онгоцонд нийт 300 зорчигч байжээ.

2009-07-22

Сонгуулийн сунгаа

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэг намаас хэд хэдэн хүн нэрээ дэвшүүлдэг. Тэд эхлээд нам дотороо ялагч болж, жинхэнэ сонгуульд өрсөлдөх эрх олж авдаг. «Праймериз» (англ. primaries – анхан шатны) – урьдчилсан гэсэн утгатай үг юм. Прайммериз буюу сонгуулийн сунгааны явцад нэр дэвшигчид бүх америкийн бүх мужаар явж намын гишүүд, дэмжигчидтэй уулза суртал ухуулга хийдэг. Ингээд нам доторх сонгуульд ялсан нэг нэр дэвшигч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа оролцдог байна. Сонгуулийн сунгаанд оролцоод, нам дотороо ялагдал хүлээсэн хүн бие дааж сонгуульд өрсөлдөх эрхтэй байдаг. АНУ-ын Висконсин муж 1903 онд хуулиндаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч заавал мужийн хүрээнд урьдчилсан санал хураалтанд оролцох үүрэгтэй гэж хуульчилсан байна. 1927 он гэхэд АНУ-ын бүх муж Праймериз буюу сунгааны тухай хууль баталжээ. Гэхдээ хожэим зарим нэг мужууд заавал сунгаа хийх албагүй гэж хууль гаргаж байлаа. АНУ-д сонгуулийн сунгааг 2 хэлбэрээр хийдэг. Сунгааны нээлттэй хэлбэр нь тухайн мужид байгаа сонгуулийн эрхтэй хүн саналаа өгдөг.Харин хаалттай хэлбэрийн сунгаанд зөвхөн намн гишүүд санал өгдөг байна. Заримдаа хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин 2-р шатнй сунгааг явуулдаг. Сунгааны хаалттай хэлбэрийг илүү түгээмэл хэрэглэдэг. Гэхдээ Вермонт, Висконсин, Миннесота, Хойд Дакот, Юта, Аляск, Хавайд сонгуулийн сунгааг нээлттэй хэлбэрээр хийдэг. Сонгуулийн сунгааны үр дүнг тооцож гаргахдаа янз бүрийн арга хэрэглэдэг байна. Жишээ нь зарим мужид хамгийн олон хүний санал авсан нэр дэвшигчийг ялагч гэж тооцдог. Гэтэл цөөн хэдэн мужид нэр дэвшигчдийн хооронд байгаа онооны ялгааг чухалчилна. Зарим мужид сонгуулийн сунгаа хийдэггүй. Харин намын их хурлаар асуудлыг шийдэг.

Зүүдний ертөнц

Их Британий Consciousness and Cognition сэтгүүлд хүүхэд насандаа хар цагаан кино үзсэн хүмүүсийн зүүд ч бас хар цагаан байдаг гэж мэдээлсэн байна. Хүн зүүдэндээ өнгө ялгаж хардаг эсэхийг 20-р зууны эхэн үеэс судлах болжээ. 1915 аас 1950 оны хооронд судалгаанд хамрагдсан хүмүүсийн зүүд хар цагаан байжээ. Харин 1960 оны үед судалгаанд хамрагдсан хүмүүс зүүдэндээ өнгө ялгаж харах болжээ. Дандигийн их сургуулийн эрдэмтэд энэ ялгаа нь санал асуулга явуулсан арга зүйтэй холбоотой байна уу? эсвэл үнэхээр бодит байдлыг тусгаж чадсан уу гэдгийг тогтоохоор ажиллажээ. Эрдэмтэд 60 хүнийг сайн дурын үндсэн дээр судалгаанд хамруулжээ. Тэдний тэн хагас нь 25-аас доош насны хүмүүс байсан бол харин нөгөө хэсэг нь 55-аас дээш насны хүмүүс байлаа. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс хүүхэд байхдаа ямар кино үзэж байснаа бичихийг хүссэн байна. Бас өглөө бүр энэ хүмүүсийг шөнийн зүүд дүрслэн бичиж байхыг гуйжээ. 25-аас доош насны залуусын дунд хар цагаан зүүд 4,4 хувийг эзэлсэн байна. харин 55-аас дээш насны хүмүүсийн зүүд дандаа хар цагаан байжээ. Өөрөөр хэлбэл тэд зүүдэндээ өнгө ялган хардаггүй гэсэн үг юм. Хүүхэд насандаа үзсэн кино нь хүний сэтгэл зүйд илүү хүчтэй нөлөөлдөг болох нь үүгээр нотлогдож байна. Хүүхэд насанд зүүд бүрэлдэхэд нөлөөлдөг үе байдаг нь ажиглагдаж байна. Энэ үед ямар кино үздэг нь зүүдний өнгө төрхөнд нөлөөлдөг гэж Данди их сургуулийн судлаач Ева Мецин New Scientist сэтгүүлийн сайтад бичжээ. Хүүхдийн үзэж байгаа нэвтрүүлэг, кино нь тархи сэтгэхүйд нь чухал ул мөрөө үлдээдэг байна гэж эрдэмтэд хэлж байна.

2009-07-20

Радован Каражич

1944 оны 6 сарын 19-нд Радован Каражич Черногорийн Петница гэдэг тосгонд төрсөн байна. Эцэг ук Караджич нь дэлхийн 2-р дайн үед Германы эсрэг партизаны дайн хийж байсан четүүдийн нэг байжээ. Радован Каражичийн хүүхэд нас нь Черногорт өнгөрчээ. Багадаа маш дуулгавартай, ээжийнхээ үгнээс гардаггүй хүү байлаа. 1960 онд Сараево хотод ирж анагаах ухааны дунд сургууль төгсөв. 1971 онд сэтгэл заслын мэргэжилээр диплом хамгаалжээ. Оюутан байхдаа тэр АНУ-д очиж америкийн яруу найраг, сэтгэл заслыг эмчилгээний арга барилаас судалжээ. 1968 оны 6 сард оюутны бослого үед Сараевын философийн сургуулийн дээвэр дээр гарч үг хэлж байв. 1977 он хүртэл Каражич мэргэжилийнхээ дагуу эмнэлэгт, бас хөл бөмбөгийн багийн сэтгэл зүйчээр ажиллаж байлаа. 1983-1984 онд Белград хотод амьдарсан байна. харин түүний гэр бүл нь Босни Герцеговинд үлджээ. 1984 онд түүнийг төсвийн мөнгийг завшсан хэрэгт буруутгажээ. 1984 оны 11 сарын 1-нд түүнийг шоронд хорьсон ч буруутай нь нотлогдоогүй тул 11 сарын дараа сулласан байна.Радован Каражич яруу найрагт дуртай, өөрөө ч шүлэг зохиол оролддог байлаа. 1968-1990 оны хооронд 4 удаа яруу найргийн ном гаргажээ. 2002, 2004, 2005 онд олон улсын шүүхээс нуугдаж байх үед түүний яруу найргийн шинэ ном Сербийн хотуудаар зарагдаж байлаа. Радован Каражич 1989 оноос улс төрд хөл тавьжээ. Тэрээр “Сербийн ардчилсан нам”-ыг байгуулж, анхны дарга нь болов. 1991 онд Югослав улс задарчээ. Серб үндэстнүүдийн Босни Герцеговин улс байгуулагдсан юм. Хожим энэ улс Серб гэж нэрээ сольсон билээ. 1992 оны 1 сарын 9-нд Радован Каражич Себрийн анхны ерөнхийлөгч болов. 1992 оны 3 сард Босни Герцеговинд угсаатан хоорондын зэвсэгт мөргөлдөөн эхлэв. Иргэний дайны энэ жилүүдэд Радован Каражич мусульман шашинтнууд, хорватуудын эсрэг цэргийн ажиллагааг удирджээ. 1995 оны 7 сарын 25-нд Каражич босничуудыг бөөнөөр нь устгах тушаал өгсөн гэж хуучин Югославын асуудлыг шийдэх олон улсын шүүх зарласан байна. Түүнийг геноцид үйлдсэн, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийсэн гэж буруутгажээ. 1995 оны 7 сарын 6-нд Радован Каражичийн тушаалаар генерал Младичийн удирдсан арми Сребреницу хот руу дайрч, 8 мянган мусульман шашинтыг устгажээ.мөн 30 мянган хүүхэд эмэгтэйчүүд төрөлх хотоосоо дүрвэжээ. 1996 онд Радован Каражич ерөнхийлөгчийн бүрэн эрхээ тухайн үеийн Сербийн дэд ерөнхийлөгч Биляне Плавшичид шилжүүлэн өгчээ. Үүнээс хойш Радован Каражичийн олны өмнө ил харагдахаа болив. Хамгийн сүүлчийн удаа Радован Каражичийг Босни Герцеговины зүүн хэсгийн Хан Пиесак гэдэг газрын орчимд хүмүүс харсан байна. Каражич нь эхнэр, нэг хүү, нэг охинтой. Түүний гэр бүл нь Босни Герцеговинд Сараево хотын дагуул Пале гэдэг жижиг тосгонд амьдардаг. Эхнэр хүүхдийнх нь амьдардаг байшинг нэг бус удаа Европын энхийг сахиулагчид, Босни Герцеговины цагдаа нар нэгжиж байсан юм. 1996 оны 25 сард Радован Каражич «Таймс» сонинд ярилцлага өгөхдөө: хэрвээ Гаага дахь олон улсын шүүхэд жинхэнэ шүүгчид байсан бол би тийшээ очиход бэлэн. Харин бүх бурууг Сербүүдэд өгөх гэсэн улс төрийн байгуулага тэнд байгаа тул би очихгүй гэж мэдэгдэж байлаа. Радован Каражич 13 жилийн турш Олон улсын шүүхээс нуугдаж байлаа. Шүүхээс нуугдаж байх хугацаандаа Каражич сахал үсээ ургуулж зүсээ хувилгаад уламжлалт эмчилгээ хийж амь зуудаг байжээ. Түүнийг 2008 оны 7 сарын 21-ний орой Сербийн тусгай албаныхан Белградаас Батайница хот руу явж байсан автобуснаас баривчилжээ. Сербийн тусгай алба руу нэрээ хэлэхээс татгалзсан нэг хүн утасдаж Каражичтай адилхан буурал өвгөнийг анхааралдаа авахыг хүссэн байна. Тусгай албаныхан түүнийг баривчлахаасаа өмнө 2 сарын турш ажиглажээ. Тусгай албаны хоёр хүнийг өвчтөний дүрээр илгээж байжээ. Тагнуулын ажилтан Радован Каражичийн толгойноос ширхэг үс мэдэгдэлгүй авч чадсан байна. Лабораторын шинжилгээгээр эрэн сурвалжлагдаж байгаа Радован Каражич мөн гэдгийг нь тогтоосон юм. Каражич хуурамч баримт бичиг бүрдүүлэн Драгана Давида Дабича гэдэг нэрээр аж төрж байжээ. Радован Каражич The Madhouse гэдэг баранд байнга очиж өөрийнх нь зурагны эсрэг талд суун өөрийнхөө тухай дууг сонсох дуртай байжээ. Баривчлагдсаныхаа дараа тэр өөрийнхөө хүсэлтээр сахалаа хусаж, үсээ ч халимаг болгожээ. Каражичийг баривчилсаны дараа Гаага дахь олон улсын шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх түүнийг 11 зүйлээр буруутгажээ. Олонмулсын шүүхэд очсон хойноо Каражич АНУ-ын дипломатч, НҮБ-ын Боснигийн асуудал эрхэлсэн Р. Холбруктой нууц тохиролцоо хийсэн тухайгаа ярьжээ. Хэрвээ би улс төрөөс холдож, нийгмийн идэвхитэй амьдралд орохгүй байвал түүнийг олон улсын шүүхэд дуудагдахаас нь өмгөөлнө гэж тохиролцоо хийсэн гэж Каражич хэлж байлаа. Гэвч Холбрук ийм тохиролцоо хийж байгаагүй гэж мэдэгджээ. Радован Каражичийн хэргийг шүүх хурал үргэлжилж байгаа.

2009-07-19

Дэлхийн улс орнуудтай хийж байгаа ОХУ-ын цэрэг техникийн хамтын ажиллагаа

Сүүлийн жилүүдэд зэвсэгийн зах зээл дээр ширүүн өрсөлдөөн өрнөж байна. 1990 оны дундуур ОХУ дэлхийн зэвсгийн зах зээл дээр байр сууриа алдаад байсан. Харин сүүлийн жилүүдэд ОХУ алдсан байр сууриа эргүүлэн авч, өөрийн нөлөөгөө бэхжүүлж байна. Цэрэг-техникийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга Вячеслав Дзиркалны хэлснээр 2008 онд ОХУ дэлхийн 80 оронтой цэрэг техникийн салбарт хамтран ажиллаж байна. үүнээс дэлхийн 60 гаран улсад зэвсэг, цэргийн зориулалттай тоног төхөөрөмж нийлүүдэг байна. Сүүлийн таван жилд гадаадын орнуудад нийлүүлсэн зэвсэгийн хэмжээ тасралтгүй 1 тэрбум америк доллараар нэмэгдсэн үзүүлэлтэй байна. 2001 оноос цэргийн зориулаттай бүтээгдэхүүний экспорт бараг 2 дахин нэмэгдсэн байна. 2007 оны сүүлээх ОХУ нийтдээ 7 тэрбум америк долларын цэргийн тоног төхөөрөмж, зэвсэг худалдсан байна. америкийн судалгааны Forecast International компаний тооцоолсноор сүүлийн жилүүдэд ОХУ зэвсгийн худалдаагаараа АНУ-ын дараа, дэлхийд 2-р байр эзлэж байна. АНУ ын Конгрессийн хорооны мэдээгээр Орос улс 2007 онд дэлхийн нийт зэвсгийн худалдааны 28 хувийг хийжээ. Оросын цэргийн онгоц дэлхий дээр эрэлт ихтэй байна. Дэлхийн улс орнуудад худалдаж байгаа нийт зэвсэгийн 50 хувийг байлдааны онгоц, нисдэг тэрэг эзлэж байна. Дэлхийд гайхагдсан өндөр хүчин чадалтай СУ, МИ загварын онгоц хамгийн гүйлгээтэй бараа болжээ. Хуурай замын цэргийн техникээс Т‑90С загварын танк, хөнгөн хуягт машин, явган цэргүүдийн машиныг гадны улс орнуууд их хэмжээгээр худалдан авдаг. Танк эсэргүүцэгч, пуужин харвах комплекс зарим төрлийн бууны захиалага их байна. Жишээ нь Пуужин харвах комплексийн үйлдвэр 2012 он хүртэл захиалгад дарагджээ. Сүүлийн арван жилд ОХУ дэлхийн хэд хэдэн оронтой стратегийн түншийн харилцаа тогтоосон байна. Цэргийн салбарт хамгийн идэвхитэй хамтран ажиллаж байгаа орнууд нь БНХАУ, БНЭУ, БНСВУ, Грек, Ажлир, Арабын Нэгдсэн Эмират Улс, Венесуэль, Малайз юм. ОХУ-ын худалдаж байгаа нийт зэвсэгийн 70 хувийг нь БНХАУ, БНЭУ худалдан авч байна. ОХУ түнш орнууддаа зэвсэг худалдахаас гадна, завсар үйлчилгээний төвийг нь тухайн худалдан авагч улсын нутаг дээр нээжээ.