2009-05-21

Шенгений тунхаглал.

Шенгений визтэй болчихвол сайхан даа гэх хүмүүс байдаг. Ингэхэд Шенген гэж юуг хэлээд байна?
1985 оны 6 сарын 14 нд Люксембургийн Шенген цайзад Франц, Бельги, Люксембург, Нидерланд, баруун Германы төлөөлөгчид уулзаж бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө төдийгүй, иргэд хоорондоо хилийн шалган нэвтрүүлэх албаны нарийн хяналтгүйгээр харилцан зорчих тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна. Дараа нь 1990 оны 6 сарын 19-нд эдгээр орны төлөлөгчид мөн л Шенген цайзад уулзахдаа 5 жилийн өмнөх тунхаглал хүчин төгөлдөр болгохын төлөө байгаагаа зарласан байна. 1990 онд Итали, 1991 онд Испани, Португали, 1992 онд Грек, 1995 онд Австри, 1996 онд Дани, Исланд, Норвеги, Финлянд, Швед улс нэгджээ. 1995 оны 3 сарын 26-ний өдрөөс эхлэн тунхаглалд нэгдсэн орнуудын иргэд харилцан зорчихдоо хилийн шалган нэвтрүүлэх алба, гаалийн хяналтанд орохгүй байх болжээ. 2007 оны 12 сарын 21-ний өдрөөс Шенгений бүсэд Чех, Унгар, Мальта, Польш, Словак, Словени, Эстони, Латви, Литва улс орсон байна. 12 сарын 21-нээс төмөр зам, авто зам, харин 2008 оны 12 сарын 30-аас агаарын тээврийн хэрэгсэлийн хяналт алга болсон юм. Ийнхүү Их Британи, Ирланд, Кипрээс бусад Европын Холбооны бүх орнууд Шенгений бүсэд орсон байна.
Шенгений бүсэд орсон орнуудын иргэд харилцан зорчихдоо дотоод хилийн болон гаалийн хяналтаар орохгүй. Харин Шенгений бүсийн орнууд нь гадаад хилийн хяналтаа чангатгах үүрэг хүлээсэн байна. Шенгений бүлгийн орнуудын хил давах нэгдсэн дүрэм журам боловсруулсан байна. Шенгений бүсийн орнуудын хууль сахиулах байгуулагийнхан хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ. Жишээ нь Шенгений бүсэд нэгдэж орсон орны хууль сахиулах байгуулагийнхан гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг бүс дотороо чөлөөтэй мөрдөж мөшгих эрхтэй болсон юм. Шүүх байгуулагийн хамтын ажиллагаа ч бас өргөжиж, гэмт хэрэгтэн шилжүүлэхдээ нэгдсэн дүрэм журам баримталдаг болжээ. Шенгений тунхаглалд зааснаар хэрвээ энэ бүсэд багтдаг аль нэгэн улс өөрийн үндэсний аюулгүй байдалд бодит заналхийлэл учирлаа гэж үзвэл хил, гаалийн хяналтаа эргээд сэргээх эрхтэй. Улс төрийн орогнол олгох асуудлыг ч Шенгений бүсийн орнууд бие даан шийддэг. Дэлхийн бусад улс орнуудын иргэдэд зориулан мэдээлэл өгөх зорилгоор Страсбург хотод Шенгений мэдээллийн систем – SIS үйл ажиллагаа явуулдаг. Энэ төвийн мэдээллийн санд Шенгений бүсээс албадан гаргасан гадаадын бусад орны иргэдийн тухай мэдээлэл, Европын холбоо даяар эрэн сурвалжилагдаж байгаа этгээд, Шенгений бүс рүү нэвтрэх эрхээ хасуулсан, эсвэл Шенгений бүсэд нэвтрүүлэхэд тааламжгүй хүмүүсийн мэдээлэл бий. Шенгений мэдээллийн системийн хар жагсаалтанд нэр нь орсон хүнд Шенгений виз олгохоос татгалзах шалтгаан болдог. 2006 оны 3 сарын 15 нд Европын холбооны орнууд хилийн тухай Шенгений багц хууль баталсан байна. Энэ багц хуулиар хил нэвтрэх асуудлыг зохицуулдаг. Гэвч виз олгох тухай асуудлыг энэ хууль зохицуулдаггүй юм. Шенгений бүсэд нэгдэн орсон орны элчин сайдын яам хэд хэдэн төрлийн виз олгодог. Жишээ нь агаарын дамжин өнгөрөх Шенгений визийг Шенгений бүлгийн орнуудын агаарын орон зайгаар дамжин өнгөрч байгаа хүмүүст олгодог. Ийм төрлийн виз авсан хүн Шенгений гишүүн орнуудын нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд байж болно. Харин бусад газар нутгаар нь явах эрхгүй. Тэгвэл Шенгений дамжин өнгөрөх /ерөнхий/ виз авсан хүн тус бүсийн хэд хэдэн орны газар нутгаар газрын ямар ч төрлийн тээврийн хэрэгсэлээр зорчих эрхтэй. Ийм дамжин өнгөрөх визний хугацаа нь нэгээс 5 хоног хүртэл. Хэрвээ Шенгений бүсийн аль нэг орон руу 90 –ээс доош хоногийн хугацаатай зорчих бол Шенгений богино хугацааны виз өгдөг. Шенгений визтэй хүн гэрээнд нэгдэн орсон аль ч улсад визийн хугацаандаа зорчих эрхтэй.

No comments: